Аварга мод

Аварга мод

Product information

35’000

Description

Зохиолч: М.УЯНСҮХ / Редактор: Г.Бямбажав / Хавтасны зураач: Б.Төгсжаргал

ISBN 978-9919-9823-7-9 / Нүүрний тоо: 466 / Хэмжээ: 143*205 мм

***

Эл зохиолыг бичих сэдэл анх төрсөн он цаг гэвэл их эрт. Гагцхүү яаран буулгаж үл түвдэн, дотроо удтал эргэцүүлэн бодож, заримыг ноорог байдлаар тэмдэглэн, заримыг нь тархиндаа хураан нөөж явсны эцэст 2017 оны дундуур одоо л цэгцлэн буулгах цаг ирэв хэмээн сэтгэсэн санагдана. Тийнхүү таг сууж, сэдэл санаануудаа буулгаж эхлэхдээ томоохон хэмжээний энэ мэт туурвилд хүч сорихоор шийдсэн анхны тохиол тул туршлага дулим, гагцхүү өөрийн дотоод дуу хоолойг сонсож, түүнд итгэж, түүнийг дагаж байснаа тухайлан нурших нь илүүц биз ээ. Нэг насны амьдрал гэдэг хэдий бодит үйл явц мөн боловч би түүнийг үргэлж хийсвэр сэтгэхүйд ургуулан, гэнэхэн янзаар төсөөлсөөр иржээ. Тэрхүү хийсвэр төсөөлөл намайг оршин буй ахуйгаас ангижирч онхи өөр орон зайд аялахыг ятган, тэр ятгалгад би мөн л гэнэхэн автсаар ирсэн байна. Тиймээс эл зохиол үнэн гэхэд хэцүү худал, худал гэхэд бэрх үнэн билээ.

Зохиолоо би “Аварга мод” гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг бус аа! Миний хүүхэд ахуй нас цаст өндөр уулсын дагшин хязгаар Мухар Улиастайн аманд өнгөрсөн юм. Тэнд манайх жил бүр гарч зусдаг асан агаад (Увс аймгийн “Хархираа” амралт) миний ой тойнд арилшгүй тод дурсамж үлдээсэн хоёр мод байдаг байлаа. Нэг нь Онгоц мод, нөгөө нь Тахир харгай. Мухар Улиастайн голын өндөр эрэг дээр одоо ч байдаг Тахир харгай руу би багадаа нэг найзтайгаа хоёул долоон том хадаас зоож билээ. Чөтгөртэй мод руу чөтгөрийнх нь тоогоор хадаас зоовол (тэр үед томчуул Тахир харгайг долоон цагаан чөтгөртэй гэж хүүхэд биднийг айлгадаг асан) мод үхэж, чөтгөр нь тонилдог гэж настангуудын ярианаас сэм сонссон болоод тэр. Гэвч, намар болоход Тахир харгай бусад моддоос түрүүлэн үзүүрээсээ шарлаж эхлэхэд очиж үзээд, шаасан хадаасны нүхнүүдээс өтгөн хүрэн давирхай нулимс цувах шиг гоожин буйг хараад өрөвдөн, хадааснуудаа бүгдийг буцаан сугалж авсан юм. Мод үхсэнээс чөтгөрүүдтэйгээ хамт байж л байг гэж бодсондоо тэр. Харин нөгөө нэг мод буюу Онгоц мод руу бид авирч тоглодог байлаа. Онгоц мод бидэндээ л аварга том мод байсан юм. Зуслангийн өмнөд дэнж дээр байдаг тэр мод бусдаасаа өндөр гоолиг. Эгц шулуухан. Бидний тэвэрт багтамгүй бүдүүн. Онгоц модны салаалсан бахим мөчрүүдийг дамжин дээш авирч оройд нь гарсан аль ч хүүхэд нарийн үзүүрт нь хүрч тас тэврэн наалдаад, биеэ хөдөлгөн модны оройг ганхуулж, түүнийгээ даган найгахдаа онгоцонд суугаад нисэж байна гэж төсөөлнө. Тэрхүү Онгоц модны ис оройд уулын хүйтэн салхи чих дүлийртэл шуугин исгэрч, үнэхээр л агаарт дүүлэн нисэж явах мэт санагддаг асан тэр өдрүүдээс хойш нэгэнт 30 гаруй жил улиран оджээ. Онгоц мод одоо байхгүй. Түүнийг аль эрт хэн нэгэн хөрөөдөж аваад оджээ. Гэсэн хэдий ч тэр мод миний дурсамжаас арчигдсангүй. Харин ч улам бүр тодорсоор л. Яагаад гэхээр, Онгоц мод л намайг анх тэнгэрт хүртэл өргөсөн билээ. Онгоц мод руу авирсан зам бол миний тэнгэрт тэмүүлсэн, тийшээ өгссөн анхны зам. Бодитой зам. Тэр замаас миний хийсвэр төсөөлөл эхэлсэн гэж боддог. Хийсвэр төсөөллөө дагаад би хаа хүртэл явахаа мэдэхгүй. Гэлээ ч гэсэн надад түүнээс өөр замгүй.

Яг одоо миний өмнө айдас, эргэлзээ дагуулсан дуусашгүй урт он жилүүд хэвээр байгааг би мэднэ!!! Миний ард бас үүх түүх, дурсамж санагалзал, эгээрэл мартагнал дүүрэн тоо томшгүй он жилүүд л байгаа. Ард үлдсэн он жилүүдийг эргэж харах гэхээсээ илүү өөдөөс угтан тосох тэр он жилүүдтэй уулзах гэж бид яардаг. Тийм болохоор л амьдрал биднийг дагаад, бидэнтэй цуг үргэлж яарч, догдолж байдаг билээ. “Амьдралд зөвхөн амьдралын тухай бодлууд байдаг шиг хүмүүст зөвхөн хүмүүсийн тухай бодлууд байдаг” хэмээн би эл номондоо тэмдэглэсэн бий. Хэрэв тийм ахул энэ ертөнц өөрөө ердөө орооцолдож зангирсан бодлуудын цогц нийлбэр болж таарах агаад миний төсөөллийн өтгөн манан дунд нуугдагч (хэзээ ч бүрэн ил гарч ирдэггүй) тэдгээр бодлууд бүгд нэг үр, нэг үндэснээс эхлэн, улмаар олон арван зүгтээ мөчир салаа үүсгэж, түүнээсээ түгэн дэлгэрч, арвижин баяжиж ирсэн нь лавтай. Тэр бүхний хамгийн дээд илрэл нь миний бодлоор хүмүүний оюун санааг дэвсгэрлэгч АВАРГА МОД мөн юм.

Тэрхүү АВАРГА МОД-ыг үл үзэгдэгч бурхад гагцхүү хүмүүст зориулж, амьдралын бэлгэдэл болгон бүтээжээ. Тиймээс АВАРГА МОД бол БҮГДИЙН ЖИШЭЭ мод. Тэр бол миний дурсамжийн Онгоц мод, Тахир харгай, бөө тэнгэрийн Онгодын мод, Ургийн болон Танин мэдэхүйн мод, жир амьдрал утгагүйг таниад баян тансаг ордноо орхин даяанчилсан идэр ханхүү Гуатама буюу энэрэнгүй их Будда бээр сүүдэрт нь сууж бясалган мөнхийн хутаг олсон домогтой эрхэмсэг Бодь мод (тэрхүү Бодь модны навчин дээр Бурхан багшийн дүр өөрөө тодрон гарч ирдэг гэлцдэг), Адам, Ева хоёр үр жимснээс нь тасдаж идээд хөөгдсөн Ээдэн цэцэрлэгийн хориотой мод... гэхчлэн, ер ямар ч мод байж болох хэдий ч уг гарваль нь миний эл зохиолд өгүүлэн буй АВАРГА МОД мөн юм. Тийнхүү би бээр олон зүйлийг нуршихыг тэвчин сэрэмжилж, таны өмнө номын хуудсаа дэлгэсүгэй хэмээн гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон тэр өдөр өө!

Зохиогч бээр,

2019 оны 04-р сарын 27-ны өдөр

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.