"Вавилоны хамгийн баян хүн" номын хэсгээс

ӨМНӨХ ҮГ

Улс орны хөгжил цэцэглэл ард иргэдийнх нь аж амьдралаар хэмжигддэг.
Энэхүү ном таны, миний амжилтын тухай ном. Амжилт гэдэг бол хүний хүчин чармайлт, ур чадварын үр дүн, харин сайтар базаасан бэлтгэл ажил түүнд хүрэхийн түлхүүр билээ. Хүний үйлдэл ухаанаасаа давна гэж үгүй. Харин хүний ухаан гэдэг юу ойлгож мэдсэнээрээ хэмжигддэг зүйл.
Нимгэн түрийвчийг “эмчлэх” аргыг өгүүлэх энэхүү номыг хөрөнгө санхүүгийн ойлголт өгөх гарын авлага гэж болно. Үнэхээр ч эл номын зорилго санхүүгийн амжилтад хүрэх чин эрмэлзэлтэй хүмүүст хөрөнгө мөнгө олох, хадгалах, илүү гарснаа эргэлдүүлж орлогоо нэмэгдүүлэхэд туслах арга ухааныг заах юм.
Удаах хуудсуудаар бид өнөөдөр дэлхий дахинаа танигдаж, ашиглагдаж буй орчин үеийн санхүүгийн ойлголт бүрэлдэн тогтсон өлгий нутаг эртний Вавилон хотоор зочлох болно.
Олон олон орны уншигчид маань хадгаламж нэмэгдсэн, санхүүгийн томоохон амжилтад хүрсэн, хувийн санхүүгийн хүнд асуудлаас гарч чадсан гэх урмын сэтгэгдлийг дуу нэгтэйгээр хэлж байсныг шинэ уншигч нартаа зохиогч миний бие дуулгахдаа туйлын таатай байна.
Найз нөхөд, хамаатан садан, хамтран ажиллагсад нартаа ном дээрх түүхийг түгээн дэлгэрүүлсэн бизнес эрхлэгчдэд энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье. Энэхүү ном дээрх зарчмуудыг өөртөө шингээн авч, өөрийн хүчээр аугаа амжилтыг бүтээсэн ажил хэрэгч хүмүүсийн магтаал сайшаалаас илүү зүйл юу сан билээ?
Ард иргэд нь цаг үеийнхээ хамгийн баян хүмүүс байсан учир Вавилон хот тэр үеийнхээ хамгийн баян хот болж чадсан. Тэдгээр иргэд мөнгөний үнэ цэнийг ойлгодог, мөнгө хэрхэн олох, яаж хадгалах, мөнгөө ямар замаар эргэлдүүлэн өсгөх санхүүгийн зарчмуудыг өөр дээрээ хэрэгжүүлж чадсан хүмүүс байжээ. Үүнийхээ ч ачаар тэд бид бүгдийн хүсдэг нэгэн зүйлийг өөрийн болгож чадсан юм. Энэ бол ирээдүйн ашиг орлого.

Жорж Самүэль Клэсон

 

АЛТ ХҮССЭН ЭР

Вавилоны иргэн, хөсөг тэрэг урлаач Бансир нэг мөр сэтгэлээр унажээ. Өөрийн эзэмшлийг хүрээлэн барьсан давжаа хашаан дээрээ суугаад, борог энгийн гэр орон, хийж дуусгаагүй хөсөг хаалгаар нь үзэгдэх дархны газраа гунигтайгаар ширтэнэ.
Эхнэр нь нээлттэй хаалгаар үе үе цухалзах агаад хяламхийн ширтэх харцаараа хүнсний уут хоосрох дөхсөнийг сануулж, ажлаа хий, алхаа ав, хөрөөд, өнгөл, буд, үгүй ээ наад дугуйных нь хүрээг ширлээд орхиоч, бушуухан дуусгаад мөнгө олоод ирээч ээ гэж хэлэх мэт байвай.
Гэсэн ч, мань эр махлаг зузаан биеэ хөдөлгөсөнгүй, мөнөөх хашаан дээрээ аанай янзаараа суусаар л. Үүлгэртсэн бодол оюун нь завсар чөлөөгүй шийдэл эрэх авч даанч олдохгүй нь гачлантай. Халуун орны аагим нар өршөөлгүй шарах нь Ефрат мөрний энэхэн хөндийд нар газар буучихаа юу гэлтэй. Том том хөлсөн дуслууд хөмсөг даган бөнжгөнөн урсаж, үсэрхэг цээжийг нь мялаах ч сайх эр юун анзаарахтай манатай.
Гэрийнх нь цаахнатай хааны ордны сүрлэг хана дүнхийн байх авай. Хажууханд нь Белийн сүм хөх тэнгэрийг мөрлөн сүндэрлэх аж. Эгэл ардын даруухан байшингууд эл сүмбэр харш шилтгээнүүдийн сүүдэрт оршдогийн нэг нь Бансирынх. Тансаг ордон, нар сар дээврээс нь гэрэлтэж, навч цэцэг шалнаас нь ургасан оромж сууц, хахаж цацсан баячуул, хоногийн хоолоо арай чүү залгуулах эгэл ард – Энэ бол Вавилон хот. Хамгаалан босгосон хэрэм дотроо хөл толгой нь олдохгүй бужигнан байх хот.
Ард нь хөрөнгө чинээтэй хүмүүсийн сүйх тэрэг түчигнэж, наймаа панз үсэргэгчдийн модон шаахай тачигнаж, гуйлгачин түүлгэчид хөл нүцгэн таваргацгаана. “Хааны алба”-ыг гүйцэлдүүлэхээр ямаан тулмаар ус зөөх боолуудын урт цуваад баян ядуу ялгалгүй зам тавин өгч, бохирын шуудуу руу зогсоцгоох аж. Дүүжин цэцэрлэгийг услах ус зөөж яваа нь энэ.
Өөрийн асуудалдаа дарагдаад толгой өндийх завгүй байсан Бансир завгүй хотын учир нь үл олдох шуугианыг сонссон ч үгүй, сонирхож харсан ч үгүй. Гэтэл лир хөгжмийн танил чимээ санаандгүй байтал эгшиглэж, бодлоосоо сая нэг юм сэхээ авлаа. Эргэж хартал хамгийн дотнын анд, хөгжимчин Кобби цовоо мишээл тодруулаад зогсож байв.
- “Өгөөмөр занг чинь бурхан ивээг, найз минь” гэж Кобби урьдаас бэлдсэн үгээр мэнд мэдлээ.  “Хэт өгөөмөр зантайдаа ажил хийх шаардлагагүй болчихоо юу даа. Азын тэнгэр чамайг ивээсэнд баярлаад барахгүй нь. Баяр хөөрөө чамтай дуртайяа хуваалцах сан. Түрийвч чинь халгиж цалгиагүй сэн бол өдийд ажилдаа дарагдчихаад сууж байх нь лавтай. Мөнгө нь илүүдээд байгаа түрийвчнээсээ хоёрхон шекель зээлээч. Байсан байгаагүй нь анзаарагдахгүй тэр жаахан мөнгийг би өнөө оройн язгууртны зоогийг өнгөрөхөд буцаагаад өгье” гэв ээ.
- “Жаахан гээд байгаа хоёрхон шекель чинь надад байсан ч болоосой” гэж Бансир гунигтайхан хариуллаа. “Байсан ч хэн нэгэнд, бүр хамгийн сайн найздаа зээлдүүлж чадахгүй нь. Учир нь хэн ч байгаа бүх хөрөнгөө хүнд өгөхгүй шүү дээ.”
Үнэндээ л мэл гайхаж, цэл хөхөрсөн Кобби итгэж ядан, 
- “Юу гэнэ ээ?” хэмээн асуув. “Түрийвчиндээ ганц ч шекельгүй атлаа ингээд бул хар чулуу шиг хашаан дээрээ сууж байдаг хэрэг үү? Яагаад хөсөг тэргээ хийж дуусгахгүй байгаа юм? Бор ходоодоо тэгээд яаж борлуулж байгаа хэрэг вэ? Чи минь уул нь ийм хүн биш сэн дээ. Шавхагдашгүй мэт эрч хүч чинь хаачаа вэ? Алив зүйл сэтгэлийг чинь зовоогоо юу? Бурхад чамд гай зовлон авчраа юу?”
- “Ай даа, бурхдын шийтгэл гэдэг чинь ч ортой дог шүү” хэмээн Бансир санал нийлээд, “Ерөөсөө л энэ бүхэн ганцхан зүүднээс, чухамдаа ганцхан хий хоосон, утга учиргүй тэр зүүднээс л болсон юм. Өөрийгөө бас ч гэж юмны учир ойлгохтойгоо болсон гэж бодтол үгүй байжээ. Бүсэнд минь зоосоор дүүрэн гоёмсог түрийвч жин дараад л, би ч ядууст баруун солгойгүй тараагаад л, эхнэртээ ч, өөртөө ч хүссэн бүгдийг нь авч өгөөд л, алтаа харахаар л ирээдүйдээ санаа зовохоо больж, за энэ муу мөнгөн зооснууд байсан ч яалаа, үгүй ч яалаа гэсэн шиг л зоргоороо үрж байна аа. Юунд ч санаа зовохгүй амьдарна гэдэг чинь ямар сайхан юм бэ! Чи лав харсан бол энэ чинь миний ажлын төлөө төрсөн найз минь мөн үү гэж итгэж ядмаар. Хөөрхий муу эхнэрийн минь магнай нь тэнийчихсэн, анх гэрлэж байсан үе шигээ инээмсэглээд л” гэж үргэлжлүүллээ.
- “Үгүй ээ, энэ чинь сайхан л зүүд байна шүү дээ. Тэгээд яагаад бул хар чулуу царайлаад, гунигт дарагдаад суугаад байгаа юм?” гэж Кобби гайхав.
- “Яагаад гэнэ шүү. Сэрээд л хоосон түрийвчтэйгээ золгохоор ямар олиг байх вэ дээ. Бүр нэг шар гозоймоор. Анд минь дээ, чи бид чинь далайчдын хэлдгээр нэг завин дээр сэлүүрдэж яваа хоёр шүү дээ. Хүүхэд байхдаа сэцэн ухаанд суралцахаар хамтдаа санваартан руу явцгаадаг байсан, дараа нь ч тэр, жаргасан ч зовсон ч хамтдаа л байсан. Нас биед хүрцгээсэн ч найзууд хэвээрээ үлдсэн биз дээ? Тэгэхээр сэтгэлээ онгойтол сайхан ярилцъя. Өдийг хүртэл хоёулаа юунд ч санаа зоволгүй амьдардаг байсан билүү? Дуртай ажлаа хэдэн цаг ч хамаагүй хийгээд, олсон хэдээ тааваараа үрж чаддаг билүү? Олон ч жил олохдоо олж, үрэхдээ үрсээр мөнгөний амтыг мэддэг болоо биз дээ? Хангалуун чинээлэг амьдралыг мөрөөддөг л биз дээ? Нохой долоо гэж! Хоёулаа ямар ухаанд ухна ишиг унаад үхчихсэн эргүү малууд уу? Хамгийн баян хотод амьдарч байгаа биз дээ, энэ чинь одоо? Явуулын хүмүүс бултаараа л Вавилон хот шиг баян хот үгүй гэх юм билээ. Тийм байж бидэнд хурааж хуримтлуулсан юу байгаа юм? Амьдралынхаа хагасыг чи морь нохой мэт зүтгэж өнгөрөөсөн. Гэтэл ингээд, “Хоёр шекель байвал зээлдүүлээч” гээд гуйранчлаад зогсож байдаг. Би ч гэж би. “Ав ав, миний найз. Наадахтай наадахгүй чинь болчихно” гэж хэлсэн сэн билүү? Үгүй дээ, үгүй. Би чам шиг хувхай хоосон байна аа гэдгээ л хэлсэн. Энэ чинь одоо яачихсан хорвоо вэ? Олоод олоод яагаад хоол унд, хувцас хунараас илүү гардаггүй юм бэ?” гээд Бансир “За чи аан гээд уун гэж бай. Хүүхдүүдээ нэг бодоод үз. Яг бидний замаар явна. Алтан дунд байж хүүхдүүд маань, гэр бүл нь ямааны гашуун сүү, овьёос идэж амьдрах ёстой юм уу? Хэдэн үеэрээ ингэж явах юм бэ?” гэж үргэлжлүүллээ.
Кобби бүр гайхаж орхилоо. 
- “Хоёулаа чинь хэчнээн жил нөхөрлөж байгаа билээ дээ? Ийм юм ярьж байхыг чинь ер сонсож байгаагүй юм байна.”
- “Ийм юм бодож байгаагүй юм чинь яаж ярих вэ дээ. Үүрийн бүрийгээс үдшийн харанхуй болтол борви бохис хийлгүй ажиллаж, хамгийн сайн хөсөг тэргийг урладаг байсан. Гэнэхэн сэтгэлдээ бурхад миний хөдөлмөрийг үнэлж, ивээл хишгээ хайрлана гэж найдаад л. Гэтэл одоо хар. Надад яг юу байгаа юм бэ? Ингээд бодохоор л өөрийн эрхгүй гуниглачих юм. Би хүн шиг амьдрахыг л хүсэж байна. Газартай бол газартай, үхэртэй бол үхэртэй, хэтэвч дүүрэн, мөр бүтэн явахыг л хүсэж байна. Үүний тулд нуруугаа тасартал хөдөлмөрлөж, гарын ур, заль ухаанаа хэчнээн л бол хэчнээн шавхсан ч яах вэ. Гол нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна. Энэ тийм хэцүү зүйл гэж үү? Би дахиад чамаас асууя. Алттай хүмүүс худалдаад л авчихдаг тэр сайн сайхнаас бид яагаад хүртэж болдоггүй юм бэ?
- “Эээххх, би мэддэг ч байсан болоосой” гэж Кобби хариуллаа. “Намайг амьдралдаа сэтгэл хангалуун явна гэж чи бодно уу? Лир хөгжмөөрөө олсон багашаархан орлого минь нүд ирмэхийн төдийд л үгүй болчих юм. Өрх гэрээ өлсгөхгүйн төлөө яаж толгойгоо гашилгаж байна гэж бодно, чи? Басхүү, цээжинд минь уянгалах эгшгийг гаргаж чадах хангалттай том лир хөгжимтэй болох сон гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явна. Чингэвэл аль ч хааны урьд сонсож байгаагүй тийм сайхан аялгууг тоглох сон.”
- “Яг л тийм хөгжимтэй болох хэрэгтэй. Чам шиг сайн дуучийг Вавилон даяар хайгаад ч олохгүй гэж мэд. Уянгалаг дууг чинь сонссон хаан байтугай бурхад ч уярах нь лав. Даанч чи бид хоёр зарц барлаг шиг ядуу байж, яаж тийм хөгжим авах вэ дээ. Хонхны чимээг сонс! Хэлээд байгаа барлагууд чинь энд явж байна” гээд Бансир голоос ус зөөн хөлсөө урсган гүйлдэх хагас нүцгэн боолуудын цувааг заалаа. Таваар эгнэсэн боолуудын мөрөн дээр ямааны арьсан, хүнд гээчийн туламнууд харагдана.
- “Урд нь алхах эрийг хараач. улс орондоо хэрэгтэй сайн хүн л ингэж бардам алхдаг байх даа” гэж Кобби хонх дуугарган цувааг ахлах хүн рүү заалаа.
- “Ард нь цувах боолуудыг муу хүн гэх гээ юү? Бидэнтэй л адил сайн санаат иргэн бий л байлгүй. Хойд зүгийн өндөр нуруутай, шаргал үстийг хараач. Юу ч болоогүй аятай инээх урд зүгийн хар арьстан ч тэр. Хөрш улсуудын намхан бор эрсийг үзэхгүй байна уу? Өдөржин шөнөжин тэд гол, цэцэрлэг хоёрын хооронд алхаж ус зөөж байна. Хэдэн ч жил ингэж явааг бүү мэд. Хүсэж мөрөөдөх аз жаргалгүй хөөрхий тэр хүмүүс сүрлэн орон дээр унтаж, дутуу болгосон овьёосоор хооллодог нь лав. Золгүй хүмүүсийг өрөвдөөч, чи!”
- “Өрөвдөлгүй л яах вэ. Ядаж л бид эрх чөлөөтэй юм даа.”
- “Халгаж зугталгүй үнэнийг хар, Кобби! Эрх чөлөөтэй гэж өөрсдийгөө бид нэрлэвч жилийн жилд аанай янзаараа, боолоос ялгаагүй амьдарч байгаагаа ухаар! Ажил ажил гэсээр явъя гээд ч газар үгүй байгаа бус уу?”
- “Үгүй ээ тэгвэл, бусад хүмүүс яаж алт олоод байгааг сураад ижил амьдарцгаая л даа.”
- “Мэддэг хүмүүсээс нь асуувал хэлээд өгч ч магадгүй шүү. Ямар нэгэн нууц байж л таарна” гэж Бансир бодлогошронгуй хэллээ.
- “Мартах шахлаа. Өнөөдөр би явж байгаад хуучны анд Аркадыгаа алтан сүйх хөлөглөөд явж байхтай таарлаа. Түүний анзааны хүн мань мэтсийг тоолгүй дээгүүр харан өнгөрөх нь зүй ёсны хэрэг ч эртний найз маань тэгсэнгүй, тэр ч бүү хэл хүн бүгдэд харагдахаар гараа далласан гээд бод. Нөхөрлөлөө мартаагүйгээр үл барам эгэл хөгжимчин надтай инээмсэглэн мэндчилдэг байгаа.”
- “Улс олон түүнийг чинь Вавилоны хамгийн баян хүн гэлцэх юм билээ” гэж гайхаж хоцорсон Бансир хэллээ.
- “Ай даа, хэлэх ч юм биш. Хаан хүртэл алт хэрэгтэй үедээ гуйдаг гээд бод.”
- “Үгүй ээ мөн, тийм баян хүн гэж байдаг аа” гэж Бансир яриаг нь таслаад, “Харанхуй шөнө эз болж таарч гэмээ нь тарган том хэтэвчийг нь суйлахаасаа би лав буцахгүй дэг ээ” гэв.
- “Цөг гэм” гэж Кобби уулга алдлаа. “Хүний баялаг түрийвчиндээ байдаггүй юм шүү дээ. Баян нэг шуурганд гэж үг мэдэх үү? Тэр баялаг гээч чинь гол мөрөн мэт урсан орж байх ёстой байдаг юм. Аркад мөнгөө алдлаа гээд хотойх хүн биш, эргээд урсаад л ороод ирнэ.”
- “Нээрэн, орлого гэж нэг юм бий шүү дээ” гэж Бансир уулгамчлав. “Миний орлого гол мөрөн шиг арвин, байнга хэтэвчийг минь дүүргэдэг ч болоосой. Хашаан дээрээ суугаад эргэцүүлж байхад ч, харь орон луу аялахаар одсон ч орлого орж ирж л байдаг бол мөн сайхан аа. Ер нь нэг асууж үзье байз. Мулгуу толгой минь харин ойлгодог болов уу?” хэмээн санааширлаа.
- “Номасир хүүдээ чаддаг мэддэгээ өвлүүлсэн нь лав.”
- “Онцгой нэгэн санаа толгойд минь орж ирлээ” гэж Бансирын нүд очтон хэлбэй. “Мэргэн зөвлөгөөг сайн найзаасаа хүслээ гээд юу унах билээ. Аркадаас ер нь асууж үзье байз. Орхигдсон шувууны үүр шиг түрийвчийнхээ тухай бодлоо ч азная. Өөрсдийгөө зовоохоо больё. Алтан дээр сандайлсан гуйлгачин шиг амьдарч байгаа минь үнэн ч алдар сууг хүсэх эрмэлзэл бидэнд байна. Ерөөс Аркад руу явцгаая, арвин гол шиг орлого нь хэрхэн буй болсныг асууя.”
- “Үг чинь зоригоор дүүрэн байна, анд минь. Эргүү толгой би ч нэг зүйлийг сайтар ойлгож авлаа, эд баялаг хураагаагүй учраа мэдэж авлаа. Чинээлэг баян болцгооё гэж бодсон удаа бидэнд бий билүү? Зорьсон зүйл чинь бөхөөс бөх хөсөг бүтээх байсан, чадлаараа зүтгэж, хамгаа зориулсаар хийж ч чадсан. Харин би хамгийн шилдэг хөгжимчин болохыг хүссэн, мөн л чадсан” хэмээгээд Кобби, “Бурхад хүслийг маань сонсож, бид ч санаснаа авчээ. Байдгаараа чармайсны шагналаа хүртжээ. Харин эцэст нь бид цоо шинэ, мандах нар мэт тод нэгэн гэрлийг харлаа. Тэрхүү гэрэл биднийг хөтөлж, хөгжин дэвших зам руу дуудаж байна. Яг энэ шинэ ойлголт бидэнд хүслээ гүйцэлдүүлэх зөв замаар алхахад тусална” хэмээн үргэлжлүүллээ.
- “Алгуурлах хэрэггүй, бос. Аркад руу яг одоо явцгаая” гэж Бансир яарууллаа. “Ажил үйлс нь тааруухан яваа анд нөхдөдөө ч дуулгая. Сэцэн ухааныг олохоор, тэд ч бас яваг.”
- “Найз нөхдөө мартана гэж ер үгүй шүү. Тиймдээ ч олонтой явахын ерөөлтэй байдаг буй за. Хэлснээр чинь болог, бултаар нь дагуулаад явъя” гэж Кобби хэлэв.